Tuesday, January 15, 2008

18. МОНГОЛ УЛС 40.3 САЯ МАЛТАЙ БОЛЛОО

Үндэсний статистикийн төв газраас 2007 оны мал тооллогын дүнг зарлалаа. Өнгөрөгч онд Монгол Улсын хэмжээгээр 40.3 сая толгой мал тоологджээ. Үүнээс 0.3 сая тэмээ, 2.2 сая адуу, 2.4 сая үхэр, 17 сая хонь, 18.3 сая ямаа тоологджээ. Малын нийт тоо нь 2006 оноос хойш төрөл тус бүрээр өсч, нийтдээ 15.7 хувь буюу 5.5 сая толгойгоор нэмэгдсэн байна. Тэмээ 2.8 хувь буюу 7.1 мянга, адуу 5.9 хувь буюу 124.7 мянга, үхэр 11.9 хувь буюу 257.9 мянга, хонь 14.7 хувь буюу 2175.0 мянга, ямаа 18.7 хувь буюу 2896.2 мянган толгойгоор тус тус өсчээ. Мал тооллогын дүнгээр бүх аймаг, Улаанбаатар хот малын тоо толгойгоо өнгөрөгч онтой харьцуулахад илүү өсгөлөө. Харин хамгийн олон мал тоолуулсан эхний таван аймагт Хөвсгөл /3425.3 мянга/, Өвөрхангай /3190.2 мянга/, Завхан /3000.0 мянга/, Архангай /2912.6 мянга/, Увс /2653.5 мянга/ орж байна.

No comments: