Tuesday, January 15, 2008

12. Сонгуулийн байгууллагын хараат бус, нээлттэй байдлыг хангах

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.2-т заасан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн төрийн жинхэнэ албан хаагч байх гэсэн шалгуурыг өөрчилж, төрийн жинхэнэ алба бүрэн утгаараа төлөвшөөгүй өнөөгийн нөхцөлд Сонгуулийн төв байгууллагыг төр барьж буй намын нөлөөллөөс хараат бус байлгахын тулд улс төрийн намуудын төлөөллийг тэнцвэртэй оруулах,
Цаашид сонгуулийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг жинхэнэ утгаараа бие даасан хараат бус байх шаардлагад нийцүүлэн олон нийтийн оролцоотой хэлэлцэн шинэчлэх,
Сонгуулийн шат шатны хороодыг байгуулах, бүрэлдэхүүнийг томилох үйл явцыг ил тод, нээлттэй байлгах, уг асуудлыг шийдвэрлэх хурлын товыг олон нийтэд ил тод зарлаж, хөндлөнгөөс ажиглах боломж олгох, хурлын протокол, шийдвэр, томилогдсон хэсгийн хороодын бүрэлдэхүүн, намын харъяалал зэргийн талаархи мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлах.
Сонгуулийн бүх шатны байгууллагын шийдвэр гаргах үйл явцын нээлттэй байдлыг хангахын тулд хурлын тов, хэлэлцэх асуудал зэргийг хуралдаан болохоос 5, яаралтай үед 2-с доошгүй хоногийн өмнө нийтэд урьдчилан мэдээлэх, иргэд оролцох нөхцлийг бүрдүүлэх, энэ талаар холбогдох сонгуулийн байгууллага нь дэгэндээ тодорхой тусгах,
Сонгуулийн бүх шатны байгууллагын аливаа шийдвэр, протокол, бичиг баримтыг ажлын 3-5 хоногт багтаж олон нийтэд ил тод болгох, нэгтгэж хэвлэх, вэб сайтад байрлуулах. Үүнд сонгуулийн явцад тэмдэглэгдсэн зөрчлийн жагсаалт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн санал хураалт, гишүүдийн санал, байр суурь, асуудлыг шийдвэрлэсэн дүн, дэлгэрэнгүй протоколыг хөтөлж нээлттэй болгох.

No comments: